Холбоо барих

Монгол Улс, Улаанбаатар хот-210526

Баянгол дүүрэг, Чингүнжавын гудамж

Төрийн өмчийн 2-р байр

Утас / Факс: 976-11-363716

И-мэйл: team@waterproject.mn

Хууль
ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ ТУХАЙ
2009 оны 10 сарын 28

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны

сан бүхий газрын хамгаалалтын бүс,

ойн сан бүхий газарт ашигт малтмал

хайх, ашиглахыг хориглох тухай 

 

2009 оны 07 дугаар                                                                           Улаанбаатар

сарын 16-ны өдөр                                                                                                     хот

 

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

 

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.        Энэ хуулийн зорилт нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухайн газарт байгаль орчныг нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль тогтоомж:

2.1.        Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль тогтоомж нь Монгол Улсын үндсэн хууль1,Үндэсний аюулгүй байдлын тухай2, Байгаль орчныг хамгаалах тухай3, Усны тухай4, Ойн тухай5, Ашигт малтмалын тухай хууль6, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3    дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт:

3.1.        Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.  “Гол мөрний урсац бүрэлдэх эх” гэж гадаргын урсацын үндсэн хэсэг бүрэлдэн бий болдог өндөр уулсын бүс, сав газрын эхийг,

3.1.2.  “Ойн сан бүхий газар” гэж Ойн тухай хуулийн 3.1.2-т заасныг,

3.1.3.  “Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс” гэж Усны тухай хуулийн 31.3-т заасныг,

4    дүгээр зүйл. Ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох: 

4.1.        Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно.

4.2.        Энэ хуулийн 4.1 дэх хэсэгт стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаарахгүй.

4.3.        Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно.

4.4.        Энэ хуулийн 4.3-т заасан хилийн заагийн гадна үйл ажиллагаа эрхэлж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хөрөнгөөр байгаль орчны нөхөн сэргээлт хийж, таримал ой, хиймэл нуур, усан сан байгуулсан бол энэхүү хуулийн үйлчлэлд хамаарахгүй.

4.5.        Энэ хуулийн 4.1-д заасан газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй.

4.6.        Ашигт малтмалын тухай хуулийн 56.1.3-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлахдаа уг тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговор төлөх бөгөөд холбогдох журмыг Засгийн газар тогтооно.

 

ХОЁРДУГААР БҮЛЭГ  

 

БАЙГАЛЬ ОРЧНЫГ НӨХӨН СЭРГЭЭХ АЖИЛЛАГАА

 

5      дугаар зүйл. Байгаль орчныг нөхөн сэргээх

5.1.        Энэ хуулийн 4.6-д заасны дагуу ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигчийг байгаль орчныг нөхөн сэргээх үүргээс чөлөөлөхгүй.

5.2.        Байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг орон нутгийн удирдлага болон нутгийн иргэдийн олон нийтийн хяналт дор 2 хүртэл жилийн хугацаанд хийж дуусгана.

5.3.        Энэ хуулийн 5.2-т заасан олон нийтийн хяналтыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрээр байгаль орчныг хамгаалах зорилго, чиглэл бүхий төрийн бус байгууллагуудад гэрээний үндсэн дээр хариуцуулж болно.

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

 

БУСАД

 

6      дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага.

6.1.        Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд зөрчлийн шинж байдлыг харгалзан Эрүүгийн хууль, холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэж, учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                 Д.ДЭМБЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ГОЛ, МӨРНИЙ УРСАЦ БҮРЭЛДЭХ ЭХ, УСНЫ САН

БҮХИЙ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН БҮС, ОЙН САН БҮХИЙ

ГАЗАРТ АШИГТ МАЛТМАЛ ХАЙХ, АШИГЛАХЫГ ХОРИГЛОХ

ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

 

2009 оны 07 дугаар                                                                       Улаанбаатар хот

сарын 16-ны өдөр

 

1 дүгээр зүйл. Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө мөн хуулийн 4.3-т заасан хилийн заагийн дотор олгогдсон тусгай зөвшөөрлийг энэ хууль батлагдсанаас хойш 5 сарын хугацаанд цуцална.

 

2 дугаар зүйл. Энэ хуулийг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                 Д.ДЭМБЭРЭЛ

 

 

 

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД

 НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

 

2009 оны 07 дугаар                                                                   Улаанбаатар хот

сарын 16-ны өдөр

 

            1 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2, 17.3.3 дахь заалт 24 дүгээр зүйлийн 24.5.3 дахь заалтын “газар” гэсний өмнө “газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон” гэж, мөн зүйлийн 24.4.2 дахь заалт, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь заалтын “авсан” гэсний дараа “ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон” гэж, 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсгийн “эзэмшигчийн” гэсний дараа “болон түүний байгаль орчныг нөхөн сэргээх” гэж, 56 дугаар зүйлийн 56.1.3 дахь заалтын “авч” гэсний дараа “,эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож” гэж тус тус нэмсүгэй.

 

            2 дугаар зүйл. Энэ хуулийг Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                 Д.ДЭМБЭРЭЛ

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

 

2009 оны 07 дугаар                           Дугаар 55                                           Улаанбаатар хот

сарын 16-ны өдөр

 

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын

бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох

тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

 

            Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэг, Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.    Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараахь арга хэмжээг энэ тогтоол батлагдсанаас хойш 3 сарын хугацаанд авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /С.Баяр/-т даалгасугай.

1/ ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын геологи, уул уурхай, газрын кадастрын бүртгэл, мэдээллийг шинэчлэн гаргасны үндсэн дээр эдгээр газрын хилийн заагийг тогтоож, олон нийтэд мэдээлэх,

2/ гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийн дотор үйл ажиллагаа явуулж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд ашигт малтмалын тухай болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах.

2.    Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо /Б.Батбаяр/, болон Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/-нд үүрэг болгосугай.

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                 Д.ДЭМБЭРЭЛ

 

 

Хайлт
Санал асуулга
Та усаа хэмнэх талаар өдөрт хэдэн удаа боддог вэ?
Огт боддоггүй
Хааяа
Ус хэрэглэх бүртээ