ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ УСНЫ ГАЗРЫН ДАРГЫН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт ноёд, хатагтай Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгахын ялдамд бидний өдөр тутмын амин хэрэгцээ болсон "УС" цэнгэг тунгалаг, ундарга нь арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Монгол хэмээх туурга тусгаар улсын иргэн бидний амьдран буй энэхүү нутаг дэвсгэрт дэлхийн ус хагалбарын таван ай савын гурав нь байдаг бөгөөд чухамхүү энэ нь бид бүхний хувьд дэлхийн зулай дээр оршин сууж буй тэнгэрлэг заяат ард түмний үр удам гэдгээрээ омогших нэгэн бахархал билээ.
Манай улсын гол, горхи, нуур цөөрөм, рашаан ус болон газрын доорхи ус нь нутаг дэвсгэр, орон зайн хувьд харьцангуй жигд бус тархацтай учраас та биднээс ашиглалт, хэрэглээний зохистой, ухаалаг үйл ажиллагааг цаг мөч тутамд шаардаж буй нь тодорхой юм.
Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан дулаарал, цөлжилт, ган гачиг нь манай оронд ч нэгэн адил нүүрлэж олон гол горхи, нуур цөөрөм хатаж ширгэсээр байна.
Манай улсын усны хэрэглээ жилээс жилд нэмэгдэхийн зэрэгцээ ус ашиглалтын олон төрлийн хэлбэр бий болсноор ус ашиглалтын нэгдсэн бодлого, зохицуулалт зайлшгүй шаардлагатай болж байгаа болно.
Ус ашиглагч, хэрэглэгч та бүхнээс усыг хүч түрэмгийлэн олборлож ашиглахаас илүү байгалийн унаган төрхийг нь хадгалан байж, байгалийн өөрийнх нь хуульд захирагдан байж, аргадан байж, арвижуулан байж, сүсэглэн байж өөрсдийнхээ амин хувийн болон аж ахуйн шаардагдах хэрэглээндээ зохистой ашиглахыг хичээнгүйлэн хүсэж байна.
Уул хангайгаа дээдэлж, ус савдагаа шүтэн ирсэн Монгол хүмүүн бид, мөнх хөх тэнгэрийнхээ хүчин доор, чандмань эрдэнэ усаараа ивээгдэн тэтгэгдэж, энх мэнд, эрүүл саруул амьдрах болтугай.
ДАРГА Ц. БАДРАХ