Танилцуулга

Хэвлэх PDF

УСНЫ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

УИХ-аас 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр шинэчлэн найруулж баталсан “Усны тухай” хуулийн 9.1.5 “Усны асуудлаарх салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хянах үүрэг бүхий үндэсний хороо ажиллуулах” гэж заасны дагуу Усны үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” 98 дугаар тогтоолын 12 дугаар хавсралтаар шинэчлэн баталсан.

Уг тогтоолоор Усны үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, хорооны бүрэлдэхүүнд байгаль орчин, ногоон хөгжил, батлан хамгаалах, дэд бүтэц, гадаад харилцаа, санхүү, эдийн засаг, үйлдвэр, хөдөө аж ахуй, уул уурхай, эрчим хүч, эрүүл мэнд, зам, тээвэр, боловсрол, шинжлэх ухааны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын болон Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Засаг даргын орлогч, усны аж ахуйн байгууллагын төрийн төлөөллөөс бүрдсэн нийт 18 гишүүнтэй байхаар байгуулсан.

Ерөнхий сайдын 2012 оны “Дүрэм батлах тухай” 75 дугаар Захирамжийн хавсралтын 3.1-д заасны дагуу Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Засгийн газар баталж, нарийн бичгийн даргыг Ерөнхий сайд томилдог.

Дүрэмд зааснаар Усны үндэсний хороо нь Монгол орны усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, боломжит нөөцийг зүй зохистой ашиглах, усны асуудлаарх салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, “Ус” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих үндсэн үүргийг хэрэгжүүлнэ.

Засгийн газрын “Орон тооны ажлын албадын тухай” 2012 оны 117 дугаар тогтоолоор Усны үндэсний хорооны өдөр тутмын ажлыг хариуцан гүйцэтгэх Ажлын алба байгуулагдсан бөгөөд Ажлын албаны дарга нь Усны үндэсний хорооны нарийн бичгийн дарга байхаар дүрэмд заасан.

УИХ-ын 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор “Ус” үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газраас 2010 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 304 дүгээр тогтоолоор баталсан.

“Ус” үндэсний хөтөлбөр нь Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд боловсруулагдсан хөтөлбөр учраас цогц бодлогод туссан зорилтыг хангах, цогц бодлогын үндсэн зарчим дээр суурилсан. “Ус” үндэсний хөтөлбөрт хөгжлийн зорилтод чиглэгдсэн стратегийн 6 зорилтыг дэвшүүлсэн бөгөөд эдгээр зорилтод хүрэх 98 багц арга хэмжээг 2021 он хүртэл 2 үе шаттайгаар хэрэгжүүлэхээр тусгасан.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А-249 тоот тушаалаар “Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгдсэн график төлөвлөгөө /2011-2015 он/-г баталсан бөгөөд энэхүү график төлөвлөгөөнд хөтөлбөрийн стратегийн зорилт бүрээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны хариуцагч болон хамтран хэрэгжүүлэгч байгууллагуудыг нарийвчлан зааж өгсөн бөгөөд эдгээр үйл ажиллагааг Засгийн газраас баталсан хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөөнд заасан хугацаатай уялдуулан 2011 оноос 2015 он хүртэл задлаж, хэрэгжүүлэх үндэслэл, шаардагдах төсөвт өртөг, хөрөнгийн эх үүсвэр түүний төлөвлөлт, баталгаажилтыг тодруулан тусгасан.

УСНЫ ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

 
 

Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Усны газар
Хөгжүүлсэн: muchworks ХХК