Усны газар

Орхон голд химийн бохирдлоо цутгагч компаниудыг дийлдэггүй хөөрхийлөлтэй төр засаг

Орхон гол бохирлогдсон шар өнгөөр урсаж байгаа талаар бид долдугаар сарын 13-ны өдөр мэдээлсэн. Архангай, Өвөрхангай аймгийн Мэргэжлийн хяналтынхан болон Байгаль орчин аялал жуулчлалын газруудаас нь ажлын хэсэг гарч тус хэрэг дээр ажиллаж, Орхон голыг бохирдуулж буй алтны уурхайнуудад арга хэмжээ авч, үйл ажиллагааг нь зогсоосон хэмээсэн ч одоог хүртэл бохирлогдсон гол хэвээр урссаар байна.
Орхон гол бохирлогдох болсон шалтгаан нь “Алтан Дорнод Монгол” болон “Монгол газар” компаниуд тус голын эх дээр алт олборлосных. Улмаар энэ хоёр компани 40 гаруй жижиг уурхайнуудад газраа зарсан гэсэн

нэрийдлээр хаяж орхиод, бүхий л хариуцлагаас мултрах арга олжээ. Өнөөдөр хоёр аймгийн байгаль орчин, гол мөрөн, хүн мал хэцүүдэж байгаа нь энэ хоёрт хамаагүй бололтой.

Зургийн тайлбар: Зурагт Орхон гол Улаан голтой нийлж буй хэсэг. Улаан гол энэ үед үертэй байсан бөгөөд та бүхэн үертэй ус, бохирлогдсон ус хоёрын ялгааг эндээс харж болох юм.

Орхон голоос хүн ундаалах нь байтугай мал ч ойртдоггүй болсоор удсан тул нутгийн иргэд нь ойр хавийнхаа харз, булгаар ундаалж буй ажээ. Энэ бохирдол гурван жилийн өмнөөс эхэлсэн гэх бөгөөд энэ жил дөрөв дэх удаагаа болж байна. Бохирдуулагч компаниуд эхлээд зургаа байснаа дараа нь 12, улмаар 22 болж, нутгийн иргэдийн ярьж буйгаар одоо ийнхүү 40 гараад байгаа ажээ. Мөн гол дагасан жуулчны баазуудын эзэд “жуулчид ирээд загас барьдаг байсан. Одоо энд загас байтугай ямар ч амьтан байхгүй болсон” гэлээ. Үнэхээр ч голын ус маш их бохирдолттой байгаа нь харахаас ч нүд хальтрам байсан юм.

 


 Орхон голыг бохирдуулагч дэндүү даварсан тэр хүмүүсийн нүд нь мөнгөнд сохорсноос ийнхүү Монгол эх орны минь цөөхөн хэдэн гол мөрний нэгийг ийнхүү бохирлож сууна. Энд буй аж ахуйн нэгжүүд бохирдлоо яг л хүмүүс наадамлаж байх үеэр гол руу цутгадаг байна. Анх 2009 оны долдугаар сарын 13-нд энэ бохир ажлаа эхэлсэн бол энэ жил ч мөн л адил биднийг “тэгш сайхан жил” хэмээн наадамлаж байх зуур Орхон гол руу бохироо цутгажээ. Улмаар мэргэжлийн хяналтынхан жил бүр очиж энэ байдлыг зогсоодог гэдэг ч жил бүр химийн бохирдлыг Орхон гол руу цутгасаар.

 

 Бүхэл бүтэн гурван жил гаруй хугацаанд Орхон голыг ийнхүү бохирлож буй тэдэнд арга хэмжээ авчихаж дийлдэггүй Байгаль орчны яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Архангай болон Өвөрхангай аймгийн Засаг дарга нар ч хөөрхийлөлтэй хүмүүс юм. Бороо оронгуут л алт угаасан цианит, мөнгөн устай бохирдлоо гол руу цутгаж, “үерлэж байгаа юм” хэмээн доромжилж байгааг нь бодохоор Төр засгийнхаа унхиагүй дорой байдалд гутармаар санагдана.

Бид асуудлыг тодруулахаар Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи уул уурхайн хяналтын газрын дарга Батбаяр болон Байгаль орчны яамны холбогдох албаныхан, Архангай аймгийн Цэнхэр сумын засаг дарга Батжаргал, Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын дарга Баясгалан нараас авсан тодруулгыг удахгүй та бүхэнд хүргэх болно.

Энэ 2011 оныг “Усны жил” болгон зарласан. Тиймээс ч дөрвөн жил тутам явагддаг усны тооллогыг гурав дахь жилдээ хийж буй. Мөн “Ус” үндэсний хөтөлбөрийг УИХ-аас баталсан. Гэвч төр засгийнхныг ийнхүү цаасан дээр сүр дуулиан болж байх зуур ардуур нь 1124 км урсацтай Орхон голыг цөөхөн хэдэн компаниуд химийн бодисоор хэдэн жил дараалан бохирдуулсаар байна.

Ер нь манай улс усны нөөц багавтар орны тоонд багтдаг гэдгийг энд дурьдах нь зүй.

 


Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Усны газар
Хөгжүүлсэн: Суперсолюшн ХХК