Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч Агентлаг
УСНЫ ГАЗАР
Монгол Улсын Их Хурал 2003 онд “Ус, рашааны нөөц ашигласны төлбөрийн тухай”, 2004 онд “Усны тухай” хуулиудыг батлан гаргасан.
Монгол Улсын Засгийн газраас 2004 оныг усны бодлогын шинэтгэлийн жил болгон зарлаж “Усны шинэтгэл XXI” үйл ажиллагааны чиглэл боловсруулан батлан гаргасан нь усны талаархи бодлого, төлөвлөлтөнд онцгой анхаарал тавьж, усны байгууллагын бүтэцийг бий болгох, усны эрх зүйн орчинг боловсронгуй болгох нөхцлийг бүрдүүлсэн чухал алхам болсон юм.
Монгол Улсын “Усны тухай” хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд Усны асуудал эрхэлсэн Засгийн газрын эрх бүхий байгууллага ажиллана гэсэн заалт, УИХ-ын 2005 оны 11 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны хэрэг эрхлэх газар 2005 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ны өдрийн 64 дүгээр тогтоол, Засгийн газрын хуралдааны 80 дугаар тэмдэглэлээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар нэртэйгээр өөрчлөгдөн байгуулагдав.
Усны газар нь Монгол Улсын хэмжээнд усны нөөцийг илрүүлэн тогтоох, зохистой ашиглах, хэмнэж хамгаалах, түүнийг нөхөн сэргээх, дахин ашиглах талаар төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх, гадаад дотоодын холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээ байгуулж, усны ашиглалт, хомсдол, бохирдолд хяналт тавьж ажиллах, усны нөөцийг хамгаалах, нөхөн сэргээхэд зориулсан санхүүжилтийг хуваарилах, үр дүнг тооцож, тайлагнах, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийг усны талаархи мэдээллээр хангах, мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, усны нөөцийн нэгдсэн менежментийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэгтэй төрийн захиргааны байгууллага юм.
Усны газар байгуулагдсанаар Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогын хүрээнд хэрэгжүүлэх “Ус” үндэсний хөтөлбөр”, Хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ундны усаар хангах хөтөлбөр”, Усны экологи-эдийн засгийн үнэлгээ, Гол мөрний сав газрын зөвлөлийн дүрэм, Усны мэдээллийн сан болон улсын усны кадастрыг бүрдүүлэх үзүүлэлт хөтлөх журам, Усны тоо бүртгэл явуулах журам, Ган, цөлжилт, хуурайшилтын зэрэглэл тогтоох, болон энэ үед мөрдөх усны нөөцийн менежментийн журам, Усны салбарын инженерүүдэд мэргэшлийн зэрэг олгох журам, Усны салбарын инженерүүдэд зэрэг олгох зөвлөлийн дүрэм, Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн дэглэм, Ус ашиглуулах мэргэжлийн дүгнэлт гаргах журам, Усны салбарын шинжлэх ухаан технологийн зөвлөлийн ажиллах журам зэрэг ус ашиглахтай холбоотой олон журам зааврууд батлагдан гарсан.
Усны газраас 2009 - 2010 онд хэрэгжүүлсэн
үр дүн бүхий арга хэмжээ
Нэг. Рашааны тоо бүртгэл
Усны тухай хуулийн 8 дугаар зүйл. Монгол Улсын Засгийн Газрын 2002 оны 251 тоот тогтоолоор батлагдсан Рашаан сувилалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор БОАЖ –ы Сайдын 2009 оны 8 сарын 26 ны өдрийн 225 тоот тушаалын дагуу Рашааны тоо бүртгэл паспортжуулах ажлыг 9 сарын 25 өдрөөс 10 сарын 25 хүртэл хугацаанд гүйцэтгэсэн.
Нийт 21 аймгийн 216 сумын 351 рашаан болон рашаан төст булгуудыг тоолон солбицол байршлын тэмдэглэгээ хийн, усны хатуулаг, эрдэсжилт, темпратур, болон хувирамтгай элементүүдийг газар дээр нь шинжилсэн. 312 рашааны дээжид нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр авчирч химийн хүрээлэн, Геоэкологийн хүрээлэн, рашаан судлалын төв, ШУТИС –н лабораториудаар тус тус 17 үзүүлэлтээр шинжлүүлж дүгнэлт гаргасан.
Монгол орны нутаг дэвсгэрт олон улсын рашааны эмчилгээний зориулалтын шалгуурыг хангаж чадах 130 гаруй халуун, хүйтэн рашааны орд байгаагийн дотор халуун рашаан 42, халуун уур 1, нүүрсхүчлийн хүйтэн рашаан 60 гаруй, рашаан төстэй усны үелэл 30 шахам, эмчилгээний онцгой бүрэлдэхүүнгүй боловч эмчилгээнд тустай 10 шахам усны илрэл байна.
Хоёр. Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс тогтоох
БОАЖ-ын Сайдын 2009 оны 370 тоот тушаалаар “Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоож тэмдэгжүүлэх журам”-ыг батлуулан хэрэгжүүлж ажилласан.
2010 онд “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийг хэрэгжүүлэх зорилгоор Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс тогтоох ажлыг Монгол орны бүх аймаг, сум, суурин газарт хүрч ажиллан “Усны тухай хууль”-ийн 16,1,5-д заасны дагуу 21 аймгийн 314 сумын Засаг даргын захирамжийг гаргуулан 89049,49 км.кв талбайг хамгаалалтад авч Усны мэдээллийн санд хүлээн авч нэгтгэн боловсруулсан.
Энгийн хамгаалалтын бүсийг газарзүйн байршил, геоморофлоги, геологийн тогтоцоос нь шалтгаалан хангайн уулархаг раойнд 200-500м хүртэл, тал хээр, говийн раойнд 500-5000м хүртэл зурвас үүсгэн газарзүйн солбицолыг хэмжиж баталгаажуулсан.
Улсын хэмжээнд усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тогтоох ажилд 2010 оны 04 дүгээр сарын 15-аас эхлэн төрийн болон төрийн бус байгууллага, орон нутгаас 483 албан хаагч, иргэдийг оролцуулсан 54 ажлын хэсэг 60 гаруй хоног орон нутагт томилолтоор ажилласан.
Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг улсын хэмжээнд 3335 талбайн 2833700 газарзүйн эргэлтийн цэгийн солбицлыг тогтоож зураглалд оруулсан.
Гурав.Цаашид шийдвэрлүүлэх асуудал
1.”Усны тухай хууль”-ийн нэмэлт өөрчлөлт болон Усны коорпораци - ТӨК байгуулахтай холбогдох асуудлыг БОАЖ-ын сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх
2.“Ус” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Усны газрын өнөөгийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн асуудлыг нягтлан үзэж, орон тоог нэмэгдүүлэх
3.Мэдээллийн хүртээмж, шуурхай байдлыг хангах зорилгоор:
- Геоэкологийн хүрээлэн дэх улсын төсвөөр бүрдүүлсэн, услалтын систем, усны барилга байгууламж, уст цэгийн хайгуул, зураг төсөл, байршлын мэдээлэл
- УЦУОШГ-аас гадаргын усны урсац, чанарын мэдээлэл
- Геологийн фондоос газрын доорхи усны мэдээллүүдийг Усны газарт нэгтгэх
4.Усны лабораторийг гидрохими, гидробиологийн чиглэлээр ажиллуулахад дэмжлэг үзүүлэх
5.Газрын доорхи ба гадаргын усны нөөц болон ашиглалтын нөөцийг тооцож, газар зүйн мэдээллийн системтэй холбох, тооцоолон бодох группын техник хангамжийн асуудал зэргийг шийдвэрлүүлэх
УСНЫ ГАЗАР









